Д.Зоригт: Өнөөгийн хямрал Улс төрөөс эхтэй


Философич, доктор Д. Зоригт гэхээр ялангуяа улстөрийн хүрээнийхэнд танил сонсогддог. Улстөрд нэг хэсэг идэвхтэй явсан тэрбээр сүүлийн жилүүдэд шаггүй хутгалдаад авсан салбараасаа зайгаа барих болсон юм. Ингээд түүнтэй ярилцлаа.

-1990 оноос хойш улс төрд нэлээд идэвхтэй явсан хүний нэг бол та. Гэхдээ 2000 оны УИХ-ын сонгуулиас хойш ерөнхийдөө хөндийрсөн. Тухайн үед МАХН үнэмлэхгүй ялалт байгуулж, ардчиллын төлөөх намууд нэгдэх үйл явц өрнөж эхэлсэн гээд их улстөр бужигнаантай байсан даа. Харин та хөндийрөх сонголт хийсэн. Яагаад тэр вэ?

-Улс төрд зөвхөн орох хаалга байдаг гэж тухайн үед хэлж байсан удаатай. Гэхдээ гарах хаалгыг яаж ийж олоод гараад явсан, цаашдаа бүр хөндийрсөн хэрэг. Найз нөхөд, таньдаг хүмүүс тааралдахаараа улстөрөө яалаа гэж асуухад нь "

ард болоод 10 гаруй жил болж байна” л гэж хариулдаг юм. Их гүнзгий ороогүй, улстөрийн төөрдөг байшингийн нь үүд хавиас нь буцаад гарсан юм шиг байна лээ.

-Би арай өөрөөр бодож байна. Таныг улстөрд нилээд гүнзгий орсон гэж, намтрыг тань харж байсан. Тусгаар тогтнолын намын дарга, Уламжлалын нэгдсэн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Эх орон намын нарийн бичгийн дарга гээд албан тушаалтай байсан хүнийг хэн ч гэсэн тэгж бодно шүү дээ.

-Хүмүүст тийм ойлголт төрүүлэхийг үгүйсгэхгүй. Намаас гадна төрийн шийдвэр гаргах түвшинд ажиллах боломж хэд хэдэн удаа тохиож байсан. Гэвч бүгдийг нь ашиглаагүй. Би дургүйдээ юмуу муудаа, эсвэл өөр бусад хүмүүс нөлөөлсөндөө ч биш. Зүгээр л үйл явц өөрийнхөөрөө өрнөсөн хэрэг. Хүмүүсийн амьдрал өөр өөрийн хувь заяатай байдаг. Минийх ч адил.

-Энэ олон намд та юуны төлөө явсан болж таарах вэ? Үзэл бодлын тань гол шугамыг сонирхвол?

-Олон ч юу байх вэ? Хоёр нам л даа. Тусгаар тогтнолын ба Уламжлалын нэгдсэн гэдэг маань нэг л нам шүү дээ. Сүүлд нийлэх үед нэрээ л сольсон байдаг юм. Нуршуу илүү тайлбаргүйгээр энд яригдаж байгаа намуудын нэрийг жагсаагаад үзэхийг таниас хүсье. Тусгаар тогтнол, Уламжлал,Эх орон гээд... эндээс миний үзэл бодлын чиг шугам тодорхой хэмжээгээр харагдана байхаа.

-1992 оноос хойш ээлжлэн төр барьж ирсэн МАН, АН хоёр 2004 оны сонгуулиас хойш хоёр гурван ч удаа эвсч, хамтарч ажилласан. Гэхдээ хоёр том маань үзэл санаан дээрээ нэгдмэл байж чадаагүйгээс олигтой үр дүнд хүрээгүй. Нам, бүлэглэлийнхээ эрх ашгийг улс орон, ард түмнийхээ эрх ашгаас дээгүүр тавьсан учраас тэр үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу? Таны бодлыг сонсоё?

-Миний бодлоор нэгдэх үзэл санаа энэ намуудад байгаагүй болов уу. Тэгээд ч дөрвөн жил болов уу, үгүй юу УИХ-ын дараагийн сонгуулийг явуулж Монголын төрийг тогтворгүй байлгахад чиглэсэн Үндсэн хуулийн заалт нөлөөлөөд эхэлж байгаа юм. Ээлжит сонгууль ойртох тусам гол өрсөлдөгч намууд өөрсдийгөө л бодохоос нэгдэх хамтрах талаар санаа тавихгүй шүү дээ. Улс төрийн хийсвэр ардчиллын зарчимд хэт хөтлөгдөн өрсөлдөгчөө дайсан гэж хардаг уламжлал тогтоод байгаа манайх шиг оронд нэгдэх ойлголцохоос илүү мөнхийн хэрүүл тэмцэл давамгайлах нь ойлгомжтой. Зүй нь Монголын нийтлэг эрх ашгийн төлөө өрсөлдөгчөө хүндэтгэн гадны хүмүүсийн нүдэн дээр үнэнээсээ биш зарим үед “худлаа тэмцэлдэх” шаардлага байна.

-Сонгогчид МАН, АН-д ээлжлэн итгэл хүлээлгэж ирлээ. Улстөрийн хүчнийх нь хувьд та ямар бодолтой явдаг вэ?

-Манайдаа л арай дөнгүүр төлөвшсөн намууд нь шүү дээ. Гэхдээ намын төлөвшил бол юуны өмнө үзэл санааны төлөвшил юм. Энэ үүднээс авч үзэхэд чамлалттай л санагддаг. Ялангуяа АН-ын хувьд, барууны ч юм шиг, зүүний ч юм шиг. Сүүлдээ улс төрийн үзэл бодлын хувьд бүр ойлгомжгүй болсон юм биш үү. МАН-ын хувьд яагаад үндэсний ардчилсан үзлийг хүчтэй, итгэл үнэмшилтэй ярьж тунхагладаггүй юм бол гэж гайхаж явдгаа нуулгүй хэлье. Бодоо, Данзан, Сүхбаатар нарын үүсгэн байгуулсан МАН-ын үзэл санааны ерөнхий чиг шугам хөрс дэвсгэр нь бол яах аргагүй үндэсний ардчилсан үзэл байсан шүү дээ. Энэ үзэл Социнтерний үзэл хоёрын аль нь Монголын хөрсөнд илүү таарч тохирохыг бодох л ёстой асуудал гэж үзэж байна.

-ИЗН, БНН, НН, Эх орон нам гээд л хэд хэдэн нам мэндэлж, улстөрд идэвхтэй оролцох гэж оролдож ирсэн. Тэдний хувьд гуравдагч хүчний орон зайг л харж тэмүүлж байсан нь лавтай. Гэхдээ ямархуу амжилт олсныг нь нийгэмд эзэлж буй байр суурь, нэр хүнд нь төвөггүй илтгэх байх. Сүүлд л гэхэд ХҮН гэдэг нам мэндэллээ. Хэдийгээр шинэлэг зүйл ярьж байгаа ч том намуудын сүүдрээс гарч чадахгүй байх шиг. Жижиг намуудад үнэхээр орон байхгүй юм уу? Эсвэл Монголд ерөөсөө улстөрийн гуравдагч хүчин гэдэг орон зай байхгүй юм болов уу?

-Манайх чинь нэг сая гаруй сонгогчтой орон шүү дээ. Албан ёсны мэдээлэл, зар сурталчилгааг үзвэл МАН, АН нийлээд бараг 300 мянган гишүүдтэй бололтой. Цаана нь үлдэж байгаа хүмүүсийн нилээд нь улс төр сонирхдоггүй, сонгуульд оролцдоггүй, оролцсон ч идэвхигүй аялдан дагалдах маягтай байдгийг бодолцон үзвэл улс төрийн 3 дахь хүчний орон зай бага юм. Бүр 90-ээд оны ихээр Цогбадрах (УИХ-ын гишүүн асан) Монголын сонгогчдын дунд хоёроос илүү улс төрийн хүчний орон зай байхгүй гэж надад их сайн тайлбарлаж билээ. Тэр математикч хүн болохоор гайгүй тооцоолсон шиг байгаа юм.

-Монголын төр бодлогын хувьд юун дээр алдаж ирсэн, алдаж байна, алдсаар ч байх шинжтэй гэж та боддог вэ?

-Хүмүүс соёлын талаар, нүүрсний талаар гэх мэт төрийн бодлого буруу байна гээд их ярьдаг. Гэвч зөв бурууг ярихаас өмнө бодлого гэж ер нь байна уу гэж асуух, эргэлзэх хэрэгтэй болж байгаа юм. Яндангаас утаа бараг гарахгүй байхад чиглэл нь баруун урагш, эсвэл зүүн хойшоо байна гэж хэлэхэд хэцүү болж байна. Утаа гарахын тулд зуух яндан, аргал түлш нь байрандаа бэлэн байх ёстой болно. Үүн шиг чадамжтай , нэгдмэл төр бүрдсэн үед л иргэдийнхээ эрх ашигт нийцтэй зөв бодлого гарч эхэлнэ. Даанч одоогийн Үндсэн хуулийн дагуу чадваргүй, уялдаагүй, нэгдмэл бус төр л бүрдэж таараад үүнээс улбаалан бүх юм доголдоод байна.

-Улстөрч хүн гэж хэнийг хэлбэл онох бол. Манайд тэр шалгуурыг хангах буй бодлого тодорхойлогчид хангалттай хэмжээнд байж чадах уу?

-Их олон тодорхойлолт байдаг. Би бол том эрх ашгийн төлөө тууштай явж чаддаг хүнийг улстөрч гэж хэлнэ. Сайн хор найруулга явуулан өнөө маргаашийн тоглолт хийж чадаж байгаа хүмүүс өөрсдийгөө улстөрч гэж нэрлэж болох ч том утгаар бол үгүй юм. Тэд ихэнхдээ бүлэглэн идэгчид, цайчихсан луйварчид , хамгийн зөөлнөөр хэлбэл төрөлхийн овжин зальтай төдий л улс юм.

-2012 оны сонгуулиас хойш олон зүйл өөрчлөгджээ. Эрхзүй болоод тогтолцооны өөрчлөлт хийгдэж байна. Зөв, бурууг нь цаг хугацаа аяндаа шүүх байх. Гэхдээ таны бодлыг сонсох нь зүйтэй болов уу?

-Сайнаас нь эхэлье. Өршөөлийн ба Ил тод байдлын хуулийг, Таван толгойн гэрээ цуцалсныг би хувьдаа дэмжиж байгаа. НӨАТ-ийн цахим мэдээллийг хэрэгжүүлсэн нь мөн ач тусаа өгнө гэх мэтээр нэрлээд байвал нааштай өөрчлөлт, эерэг хандлага бий. Харин гол үр дүн бол унасан үзүүлэлттэй харагдаж байна. Эдийн засаг хямарсан, өр ихээхэн нэмэгдэж, хүмүүс ядуурсан, итгэл алдарсан гэдэг бол маргашгүй үнэн.

-Улс орны санхүү, эдийн засгийн хямралыг та юунаас улбаатай гэж дүгнэдэг вэ? Ямар гарц байж болох. Ер нь улс орны хөгжлийн үндэс нь юу вэ?

-Улс төрийн хямрал тэмцлээс улбаатай. Авилгын сүлжээ өргөжин хэмжээ нь нэмэгдсэнтэй холбоотой. Өмнө нь хэдэн саяар тоологдох хээл хахууль, албан тушаалын хэргийн талаар ярьдаг байсан бол одоо 4 тэрбум, 17 тэрбум, 44 тэрбумыг ууж идсэн, хувьдаа завшсан тухай бичиж мэдээлж байна. “Ядаж ганц тэрбумыг идэхгүй юм бол яах гэж Их хурлын гишүүн болсон юм бэ” гэсэн яриа гарах хүртлээ авлига гаарчээ. Улстөрчдийн ёс суртахуун ингэтлээ унаж, энэ нь нийгэмд, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлж байна. Миний бодлоор дэлхий дахины төр бол урьдын бидний мэддэг төр биш болсон ба нийгмийн аль ч хэсэгт маш богино хугацаанд ихээхэн хүчтэй нөлөөлж чадах механизм болон хувирсан байна. Ийм болохоор улс орнуудын хөгжил нь төрүүдийн өрсөлдөөн, чадамжаар үндсэндээ тодорхойлогдож байна. Үүнтэй харьцуулахад манай төр дэндүү чадамжгүй, дэндүү удаан байгаа нь үнэн. Монгол бол учир начраа алдсан том орон биш. Улстөрчид нь нэгэн зүгт нэгдмэл бодлогоор харж чадах юм бол эдийн засаг дорхноо босно. Амьдрал сайжирна. Үүнд эргэлзэх хэрэггүй.

-Нийгмийн сэтгэлзүй ядуурч байна гэж ярьдаг. Философич хүнийхээ хувьд та юу хэлэх бол?

-Нийгмийн сэтгэл зүй ядуурч байна гэхээсээ илүү тогтворгүй, бухимдалтай байна гэвэл илүү үнэнд нийцэхээр байна. Б. Даш-Ёндон гуай 2008 онд “Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг” гэсэн сургамжтай номыг орчуулж байсан. Хүмүүс хөөрч дарвисан үед үйл явц жолоодлогогүй болдогт гол учир оршино. Үүнээс гадна олноор үйлдсэн хэрэг тодорхой нүүр царай, эзэн биегүй тул хариуцагч нь тодорхойгүй байдаг. Хүмүүс одоо ууртай, уцаартай, эцэс төгсгөлгүй шилжилтийн үе, уналт доройтол, сайхан амлалтаас залхсан шинжтэй байна. Энэ нь нийгмийн сэтгэлзүй томоохон “гэмт хэрэгт” үндсэндээ бэлэн болсныг харуулна.


Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University