Идэр их сургуулийн аялал жуулчлал, бизнес удирдлагын тэнхимийн эрхлэгч В.Мөнхбаяр багшийн сонирхолто

“Монгол хүн” гэж ямар хүнийг хэлэх вэ?

Монгол хүн гэж өвөг дээдсээс өвлүүлсэн газар шороо, соёл зан заншил түүхэн уламжлалаа мэддэг, хамгаалдаг, хадгалдаг, хүн чанар, ёс жудаг төгөлдөр хүнийг л хэлнэ.

  • “Өвгөдийн авдарт эрдэнэ бий” гэсэн сайхан үг байдаг. Нутгийнхаа ахмад буурлуудаас газарзүйн зүй тогтол, байгаль хамгаалах өв уламжлал ихийг сонссон байх. Бидэнтэй хуваалцана уу?

Миний өсөж төрсөн нутаг Засагт Хан аймаг Дайчин Вангийн хошуу одоогийн Говь–Алтай аймгийн Төгрөг сум алдарт Шаргын говийн баянбүрд орчимд хүүхэд насаа өтгөс буурлуудын дэргэд өнгөрүүлсэн. Аав маань малын эмч мэрэгжлийн хүн, олон жил удирдах ажил хийж байгаад тэтгэвэрт гарсан одоо Говь–Алтай аймгийн төвд амьдарч байна. Ааваас олон зүйл сурсан даа. Сурагчдын амралтаар хөдөө тэмээчин Г. Чойжил авга ахынд л очиж түүхэн уламжлал өв соёлоос их зүйл сурсан даа. Аян жин тээж байсан тэмээчин жинч удмын хүн шүү дээ би. Манай Шаргын говьд олон сайхан говийн баянбүрдүүд би тэнд зун цагт айлууд олноор бууж өвөгд хууч хөөрдөгсөн тэр яриаг гэрийн баруун доод хатавчинд сууж сонсож байлгүй яахав. Мөн авга ах Н. Чойжил ах маань намайг дагуулж тэмээ адуунд явдаг байсан. Тэгэж явахад байгаль газарзүйн талаар нэлээдгүй юм зааж сургадаг байсан. Тэр ч утгаараа байгаль газарзүйн мэргэжилтэн болсон байх. Од эрхэс, ан амьтан, малын зан, ургамалын ургалт, салхи зэрэг элдэв үзэгдлээр байгалийг шинжих арга ухаанд суралцсан. Ойр зуур юм гадарладаг болсон. Нүүдлийн зан үйлийн талаар нэлээд их зүйл сурсан даа. Газар ус шинжих хамгаалах зан үйлийг их заадаг байсан. Жишээлбэл: Тэмээгээр нүүх дөрвөн улирлыг мал маллагааны уламжлалд тулгуурлан сэлгэж хөрс усыг хамгаалах гэх мэт олон зүйл сурсан.

  • Монголын баянбүрдийг хамгаалах шаардлагатай юу? Яагаад?

Би Монголын алдарт Шаргын говийн хүн шүү дээ тэгээд л Монголын Баян Бүрд Хамгаалах Нийгэмлэг гэж байгууллагыг санаачилан байгуулсан. Монголын говь маш эмзэг экосистемтэй байгалийн өвөрмөц тогтоцтой газар. Тиймээс хамгааалах шаардлагатайг мэднэ. Байгаль газарзүй аялал жуулчлалын шинжлэх ухааны салбарт 26 жил суралцаж, ажиллаж байгаа хүн. Эртний Титика халуун тэнгисийн үлдэгдэл Монголын гүний усны гол нөөц нь манай монголын говь юм. Говьд хур бага, ургамал тачир урт үндэстэй байдаг. Тэр их гүнээс усыг татан хөрсөнд гаргаж ирдэг. Бид говийг цөл мэт ойлгодог, Энэ нь өөрөөсгөл ойлголт. Мөн монгол төдийгүй дэлхийн ховор амьтан ургамлын өлгий болсон нутаг.

  • Засагт ханы хөх харчууд хэмээн алдаршсан шилийн сайн эрсээс удам сударт тань ямар хүмүүс байна вэ?

Манай удамд тийм хүмүүн одоогоор байхгүй байна. Би ургийн бичиг судалсан. Эрт цагаас л ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан Урайнхан иргэдийн удам юм билээ. Нутаг орныхондоо нэр хүндтэй олонтойгоо явдаг хүмүүс байсан. Аян жин тээж их говьдоо амьдар ч байсан. Аавын аав түүний ах дүүс эх л том бие хаатай их ухаалаг тэнхээ ихтэй сайхан монгол эрчүүд байсан тухай эмээгээс их сонсож байсан. Өвөө маань их дайчин заргач хүн байсан түүхтэй. Болох бүтэхгүй хүнд хатуу үг шууд хэлдэг шулуун шудрага зантай хүн байж. Өвөө маань хэлс хэрэгт хэлмэгдсэн хүн байдаг. Их тэнхээтэй, өндөр, аян жин тээдэг хүн байсан гэж эмээ маань хуучилдагсан. Эмээгийн маань аавын тал бас Шаргын говийн хүмүүс байсан. Их сайхан монгол эрчүүд байсан гэж нутгийнхан хуучилдаг. Удам сударт одоогоор олон сайхан эрчүүд байна. Сайн эр гэдэг нь ард олонтойгоо тэдний төлөө хүнийг л хэлдэг байсан байх.

  • Хос зогдорт тэмээ ямар шинжээрэй онцлог байна. Хаагуур ихэвчлэн нутагладаг вэ?

Хос зогдорт тэмээг бидний өвөг дээдэс бий болгосон. Тэд манжын амбанд жин тээж бүтэн жил болоход нэг тором хөлсөнд авдаг. Сонгож авахдаа хамгийн үс ихтэй торомыг сонгон авч бий болгосон сүрэг. Одоо Говь– Алтай аймгийн Төгрөг сумд л нийт 4000 орчим хос зогдорт тэмээ байна. Энэ тэмээг бидний удмын тэмээчид л маллан амьдарч байна. Налжир дундах, ..Чойжил түүний үр хүүхэд сумын аварга малчин Ч. Самбаа, Ч. Гүнэрэг, Ч. Түмэннаст, Ч. Эрдэнэчимэг Монгол Улсын Гавъяат малчин Г. Ванчиг түүний үр хүүхэд В. Даваамөнх, Монгол Улсын Аварга малчин С. Дашбатжав түүний үр хүүхэд аймгийн аварга малчин Д. Нямсүрэн гэх мэт удмын ах дүүс тэмээ өсгөн үржүүлж байна.

  • Өнөөгийн зарим залуус монгол орны газарзүй, үүх түүх, ёс заншил, өв уламжлалын талаар гүн бат мэдлэгтэй, ухамсарт сэтгэлгээтэй байна. Харамсалтай нь залуусын дийлэнх хэсэг нь энэ чиглэлээс хол хөндий байгаа нь ажиглагддаг.

Таньтай санал нэг байна. Монголчууд эртнээс нүүдлийн мал аж ахуй соёлыг үр удамдаа өвлүүлэн үлдээсэн уламжлалтай. Шавь сургалтаар өвлүүлж байсан. Одоо цагт тэр сургалт хомс болж боловсролоор олгож чадахгүй байна. Үүнийг сэргээх нь чухал. Байгаль экологийн тэнцвэр алдагдаж байгаа өнөө цагт их чухал байна. Хэдий шинжлэх ухаан хөгжсөн ч эртний уламжлалтай хослуулах нь чухал. Бид байгаль эхээс үүдэлтэй түүнд дасан зохицох арга эвийг нь олж л амьдрахгүй бол байгалийн өмнө мөхөс. Үүнийг одоо дэгдээд байгаа вирус гэрчилж байна. Байгаль эхээ хамгаалж хайрлахгүй бол биднийг амархан өвчлүүлж чадна гэдгээ харуулж байна.

  • Монгол улсад аялал жуулчлал хөгжих боломжтой, хөгжиж байна, Монгол улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж байна гэсэн мэдээллүүд ихээр гарч байна. Харамсалтай нь аялал жуулчлалын цогц үйлчилгээ дутагдалтай юм шиг санагддаг.

Тийм шүү бид 2013 онд Монгол улсын аялал жуулчлалын цогцолбор 21 аймагт байгуулах төслийг Засгийн Газарт хийж өгсөн. Даан ч засаг солигдохоор байхгүй болчихдог. Уул нь тэр төсөлийг хэрэгжүүлчихвэл 21 ялгарах бүтээгдэхүүнтэй болох юм. Олон улсын жишигт нийцсэн цогцолбор их чухал. Мөн 2018 онд Хөвсгөл аймгийн мастер төлөвлөгөөг хийсэн баг би ажилласан. Тэр төлөвлөгөөнд бас цогцолборуудыг тусгаж өгсөн.

  • Улс орныг хөгжүүлэхэд боловсролтой хүн хэрэгтэй юу? Сэтгэлтэй хүн хэрэгтэй юү? Гэсэн асуулт нийгэмд гаарч байна. Боловсролын тогтолцоонд ялангуяа суурь тогтолцоо гажуудалтай байна л даа. Цэцэрлэгийн хүүхдүүд гадаад хэлээр дуу шүлэг сурч байна. Багш нар заадаг гэх, Эцэг эхчүүд хүүхдүүдээ 1-р ангиас нь Америк монголын хамтарсан, Герман монголын хамтарсан, Хятад монголын хамтарсан (монгол нэрийг том М үсгээр бичих нь зүйд нийтгэх боловч зориуд ингэж оруулав) сургуулиудад суралцуулах хандлага нэмэгдсээр. Таны бодол?

Улс орныг хөгжүүлэхэд боловсрол, ёс зүй, сэтгэлтэй хүн их чухал одоо тийм шинж бүрдсэн хүнийг сургаж чадахгүй байгаа нь боловсролын систем, улс төрийн намын, хар хайрцагны бодлого алдагдсаных л гэж үзэх юм. Бид монгол цус ген төрийн залгамж чанар алдагдахаар л ийм хэцүү цаг үед амьдарч байна. Ер нь бид Манжын дарлалд байх цагаас л энэ бодлого алдагдаад өдий хүрлээ. Үүнийг сэргээх уламжлах Монгол дархлааг бий болгох нь чухал. Хүүхэд залуусыг л бид цэцэрлэгийн наснаас гэр бүл–боловсролын системээр дамжуулж сургах нь чухал. Харийг шүтсэн боловсрол амжилт олохгүй гэдгийг баталж байна. Улс орны хөжлийн үзэл баримтлал их чухал бид түүнд тулгуурласан боловсон хүчин бэлтгэх нь чухал болоод байна. Газарзүй соёл заншил, уламжлал, эдийн засагт тулгуурласан хөгжлийн бодлого түүнд тохирсон боловсон хүчин их чухал юм. Бид юугаар баян түүнийг үр ашигтай ашиглах технологи, инноваци, хөгжлийн гарцыг бид харах. Монголчууд эртнээс нүүдлийн мал аж ахуй монгол–дэлхийг унаган дагшнаар нь авч явна хэмээн үзэж хөгжүүлсээр ирсэн. Үүнийг дэлхийн хүн төрлөхтөн ухаарч байгаа байх. Бид энэ л үзэл баримтлалд үнэнчээр хойч үе залуусыг сургах нь чухал. Энэ дэлхийд хэдэн жил үр хойчоор амьдрах нь чухал уу эс бол хэдхэн хүн хязгааргүй баяжиж тэнэглэл бий болгох уу. Одоогийн залуус мөнгө эрх мэдлийг ямар нэг буруу арга замаар л олж авах шунаг сэтгэлийг сурч байна. Энэ нь манж чин улсын үеэс л үүдэлтэй. Тэр шунаг сэтгэлтэнгүүд удам судраа шалгахад гэмгүй. Үр хойч нь байж мэдэх. Тэд л биднийг ийм байдалд хүргэсэн.

  • Нутгийн ахмад буурлуудтай хэр ойр байна вэ? Нууц биш бол үр хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж байна вэ?

Манай нутагт цөөн үлдээд байна шүү. Нутгийн өндөр хөх өвгөд цөөхөн үлдэж байна. Одоо байгаа сайхан буурлуудаас үг сонсож амьд ахуй цагт нь хадгалж үлдэх зорилготой баримтат кино хийж байсан. Түүнийг маань Монгол Медиа Групп дэмжиж байсан. Тэр л сайхан буурлуудын сургаалыг даган өдий зэрэгтэй яваа байх гэж боддог.

Монголчууд эртнээс яаж үр хүүхдээ сургаж байсан тэр л уламжлалыг хадгалах сургах тал дээр анхаарч байгаа. Ядаж улс орныг ирээдүйд аваад явах хүн хэрэгтэй байна. Энэ цаг мөчид хүү, охиноо эмч болгох бодолтой л зааж сургаж байна. Өөрсдөө ч дуртай байгаа. Ирэх 100 жилд байгаль биднээс их хатуу хариугаа авах байх. Байгалиа хайр гамгүй хэрэглэснээс болж бид өөрсддөө үл мэдэгдэх өвчин эмгэг бий болгож байна. Үүнийг бид бодлоготойгоор бэлтгэж эдгээх шинжлэх ухааны арга аргачлалыг одооноос л судлаж боловсон хүчнээ бэлтгэх нь чухал гэж үзэж байна. Бид өвдсөн хойно эмчлэх бус урьдчилан сэргийлэх технологи бий болгох байх. Энэ уламжлал Монголчуудад байсан. Үүнийг л би өвлүүлэх бодол байна. Орчин цагийн техник технологитой уялдуулах нь чухал. Технологи уламжлалд суурилсан эрүүл мэндийн боловсрол дэлхийн хүн төрлөхтөнд маш чухал гэж үздэг дээ. Би уламжлалт эмнэл зүй чиглэлээр бас бус зүйл судалж л байгаа. Бидний өвөг дээдэс энэ л уламжлалаар өндөр насалсан сайхан хөх өвөгд байсан. Одоо тэр уламжлал алдагдаж. Үүнийг л сэргээх орчин цагт нь уялдуулах. Хүн хүнээр байх тэр л хүмүүжлийг өгөхийг хичээж л байна. Эхлээд бие дараа тархийг хөгжүүлээд өгөхөөр сайн хүн болох нь тодорхой.

  • Мазаалай баавгайг өсгөн нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажлуудыг хийх хэрэгцээ шаардлага байгаа вэ?

Зориуд хээлтүүлэг хийх үржлийн эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж өсгөн үржүүлэх нь хамгийн зөв арга. 30 гаруйхан байгаа дэлхийн ховор зүйл шүү дээ. Өөрөө байгаль дээр өснө гэвэл тоо цөөн хоорондоо үржилд орох боломж тааруу. Идэш тэжээл амьдрах орчин нь хүнээс шалтгаалж хумигдсан. Байгалийн жамаар өсөх нь цөөн байна.

  • Шилийн сайн эрсийн энэтэй (хулгай дээрэм хийдэг гэхээсээ бус эр хүний шинж юмуу даа) эр хүнтэй хэр нөхөрлөж явсан бэ? Шуудхан асуухад хүн чанарынхаа тухайд…?

Сайхан найзууд байлгүй яахав. Одоо ч нөхөрлөж л байна. Би шулуун шударга зантай хэлэх гэснээ шууд хэлчихдэг. Ямар нэг айж эмээх зүйл байхгүй тэр л миний сул тал байх. Миний тэр занг тэвчиж чаддаг эр хүн шиг хүмүүс л найз хэвээр үлддэг дээ. Ер нь Монгол эр хүн гэж хүлээцтэй тэвчээр тэсвэртэй ухаалаг ямар ч хүнтэй хүн ёсоор харьцаж чаддаг хүнийг л хэлэх байх. Бусдын төлөө бодлоо хэнд ч хэлдэг байх нь эр хүний мөн чанар гэж хөх өвгөд сургаж байсан. Миний хувьд хүн чанарыг нөхөрлөж яваа найз нөхөд маань л хэлэх байх. Яахав аав ээж, хөх өвгөдийн сургаалаар л явахыг хичээх юм.

  • Тэмээн жин тээж явахад таньд юу бодогддог вэ? Жинч овгийн түүх намтараас дурдвал

Миний жин тээх гэж дээ үлгэрийн юм байх. Хааяахан тэмээ ачлага нүүхэд нь авга ахдаа тусалдаг байсан. Холын жинд явж үзээгүй. Өвгөд маань Шаргын говиос Хатгал, Ханх, Цайны замаар жин тээж байсан түүхтэй. Түүний хажууд яриад ч хэрэггүй юм даа. Эмээ, нутгийн хөх өвгөдөөс их зүйл сонсож дуулсан. Хүүхэд байхад тэмээ ачаад явж байхад өвгөд маань ингээд л хэдэн сараар явна гэхээр бас л эр хүний чадал чансаа шалгадаг юм шиг бодол төрнө шүү.

Жинч овог гэдэг нэрийг би судлан аав, авагуудтай ярьж байж л тодорхойлсон. Эртнээс жин тээж тэмээ адуу маллан амьдарч байсан. Өвөө маань адуунд их гарамгай хүн байсан гэж эмээ ярьдаг байсан. Манай өвөг дээдэс Урайнхан удмын хүмүүс учир нь өвөөгийн хүрмийг би харж байсан. Урайнхан хүрэм байсан. Тэмээ маллан амьдрал ахуйгаа авч явж байсан уламжлал байна. Жин тээх гэдэг тийм амар зүйл биш байх тэр л эртний зан үйлийг өвгөд маань уламжлан хадгалж бидний үед авч ирсэн. Тиймээс л бид ярилцан Жинч овог хэмээн нэрийг хайрласан даа.

  • Залуусын зүрх сэтгэлд цохилох нэгдүгээр итгэл үнэмшил, хүсэл сонирхол юу байгаасай гэж боддог вэ?

Залуучууд маань “ Хувиа хичээх бус бусадтай эвсэн амьдрана гэдгээ ойлгох цаг дор л хүн орших ” энэ л их чухал санагддаг. Энэ цаг дор ёс зүй хүн байх ухаанд л сайн суралцах нь зүй болов уу. Эх дэлхий ээж ааваа хайраж чадваас бусдыг аяандаа тэр л хайраар хайрладаг. Хайр гэдэг үгийг олон хэлэх бус биеэр үзүүлэх нь чухал юм. Тийм хүмүүн эх орноо, өөрийн ажлын байраа, сууж буй ширээ, унаж буй машин бүхий л зүйлийг хайрладаг болдог юм. Монголчуудын зүйр үг бий шүү

Унаж яваад морио

Ханилж яваад нөхрөө гэж үүнийг л санаж явах. Залуусын хүсэл сонирхол эх орноо бусдын орноос илүү хөгжүүлэхэд таний оролцоо юу байна. Түүнийг л санаж бодож хийх.

  • Аялал жуулчлалын сөрөг хүчин зүйл гэж бий юу?

Аялал жуулчлалд сөрөг зүйл байлгүй яахав. Буруу хөгжүүлбэл ген, удмын санд сөрөг зүйл гарч ирнэ. Мөн буруу урсгалын шашны аяллаас болгоомжлох нь зүй. Аль ч улс оронд муу зүйл бий түүнийг л оруулж ирэхгүй бол аялал жуулчлал хамгийн шилдэг бизнес. Өөрөө өөртэй ажлын байр бий болгодог. Улс орны засгийн газраас мөнгө харахгүй. Гадаад орны мөнгийг улс орондоо оруулж ирдэг. Стандарттай аялал жуулчлалд сөрөг зүйл байхгүй.

  • Монгол хүнийг, Монгол хүмүүсийг бүрдүүлэхэд хэрхэх хэрэгтэй байна вэ?

Маш сайхан асуулт байна.

Уламжлалт ёс заншлыг сэргээх, эр хүн эр хүн шиг, эм хүн нь эм хүн шиг л байх тэр л өвгөдийн сургаалаа сэргээх. Эр хүн шиг эр хүн чинь ядаж өөрөөрөө бахархадаг юм байгаа биз дээ. Омогшил их чухал. Одоогийн эрчүүд их хат суух үг даах, үйлдэл зөв байх нь чухал болсон доо. Хүн байх мөн чанараа олж чадвал Монгол монголоороо үлдэх жамтай. Монголчууд түүхэн цагт эр нь эр хүн шиг байсан нь манж, хятадуудад уусаагүй гэж боддог. Тэр тусмаа баруун Монголчууд их үүрэгтэй байсан. Олон мянган жил шалгарсан Монгол уламжлал зан ёс заншилаа бид судлахад л ДАЯАРШИЛД МОНГОЛООРОО ҮЛДЭХ ухаан гэж би боддог. Даяаршил бол нэг талаараа хөгжиж байгаа улс өөрийн соёлын нөлөөлөө бусдад түгээх, эдийн засаг, улс төрийн эрхшээлд оруулах гэж би боддог.

Ярилцсан: Э.Дорждэрэм

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University