Сэтгүүл зүйн багш Э.Дорждэрэмийн АЛС ГЭГЭЭН АЛС шүлгийн түүврээс та бүхэндээ толилуулж байна.

Цаг хугацааны эргэцүүлэлд

Би ер нь…

Хэн нэгний туулж баралгүй үлдээсэн

Өдөр хоногуудыг үргэлжлүүлж байгаа ч юм шиг

Хэн нэгний туулж барсан цаг хугацааг

Ширтээд зогсож байгаа ч юм шиг

Хэрэггүй болсон гоёл чимэглэлүүдээ мартаад

Өөр хүнд шинээр өвлүүлсэн ч юм шиг

Цаг хугацааны эргэцүүлэл

Хугацаагүй цагны цохилт шиг

Би бас…………………………………….

Хэзээ ч туулж байгаагүй жимээр

Хэрэн хэсээд

яг үнэндээ өчигдөр энэ замаар явж л байсан юм шиг

Хэдий ч үе юм бэ би тэгэхэд өвгөрч эмгэнийхээ гарыг

ялдамхан ааль булбарай чигээр нь хүрч ядан үнсэж байгаа ч юм шиг

Цаг хугацааны эргэцүүлэлд

Би ер нь……………………………

Цонхонд тусах гэрлийн ойлт шиг

Сүүдэрт зүүгдсэн сэтгэл шиг

Цанатаж орхисон саарал царайтай

Цал буурал сарны гэрэл шиг дүнсгэр нүдээр орчлонг харуулднам

Би тэгээд………………………………….

Хэн нэгний туулж барсан цаг хугацааны өөдөөс нүүр тулаад зогсож байгаа юм шиг

Тэр нүүр туларалт их ширүүн догшин харцтайгаар надруу цавчилт үгүй

Миний алдаа бүрийг хэлж өгч байгаа тамын ертөнцийн эзэн шиг

Өнгөрсөн цагын урт зүү голоороо хугараад жижиг зүүний гогцоонд тээгэлдчихсэн

Гэтэл хамгийн урт улаан зүү бүхнээс зугатаагаад тэнгэрт дураар нисэх мэт эргэлдээд

Тамын гэхдээ там доторх ариухан диваажин болоод хувирсан юм шиг

Цаг хугацааны эргэцүүлэлд

Би ер нь………………………..

Өнөөдөр л дуусах хорвоо шиг

Өвгөрч хоцорсон өнчин улиас шиг

Өнөө хэр судлагдаагүй бас эзэн нь тодорхойгүй бүтээл шиг

Өвөр дээр минь асгарсан шүлгийн минь мөрүүд шиг

Өөрөө үл ойлгогдох бас үл үзэгдэх мэдрэмжүүд шиг……..

… … … …. …

Сэтгэлийн минь нам гүмхэн шугуйд чиний минь инээд суудаг

Сэрэх тоолондоо би чиний инээдэнд хайрлагддаг

Тэр шугуйн гүнд сүүн зам татуулсаар чиний мишээсэн царай үзэгдэхэд

Сүүдэрт орчлонд би чинийхээ мишээлтэнд ариусдаг аа

Зүүдэндээ би чамтай учирдаг

Зөөлөн намирах үсний чинь үзүүрт сүүт бодолдоо уягдаж

Зүс гоо амрагтаа яг л ээждээ нялхардаг шигээ шигддэг

Хайрын шугуйд чи минь суудаг

Хачин ихээр чамруу тэмүүлээд

Харцны чинь талимаанд нэвт уусдаг аа

Шувуудын дурлалт ойд бидний сэтгэл байдаг

Шинэ дурлал өглөө болгон биднийг тойроод нисэлдэж байдаг

Тийм ариухан өглөөгүүр чамруу

Хайрын захиагаа шувуудаар дамжуулан илгээдэг

Тэр захидлын эзэн гүнж минь

Миний зүрхний гүнд хайр сүлээд хүлээж суудаг…

…. …. …. …. ….

Цэлгэр шөнийн ганхиралд автсан

хоосон гунигууд сэтгэлд дүүрээд

Илбэт сарны бүгээн гэрэлд аяс намилзах

Чиний дүр нэг тодорч нэг бүдгэрээд

Цээжний хүрэн уулсаар довтлон алсарч одоход

Ирмүүн үдшийн салхи намилзах тохиолд л

Чиний харцыг мэдэрч орчлон ийм утгатай гэж төсөөлнө

Цэнхэр цэнхэр гунигууд намартай холилдон шаргалтаад

Дээврийн цоорхойгооор дуслах бороо мэт

Сэрэлт ертөнцөд бөнжигнөж

Даанчиг чиний одсон харгуйг ширтэнэ

Цамцаа тайлж нүцгэлээд дэлслэх амьсгалаа хураан зогссон

Чиний одсон харгуйг анхаарангуй ХАРУУЛДСААР Л…

… … …

Билүүгийн хөх өвөлжөө

Билүүгийн хөх өвөлжөө өвөлдөө нартай, зундаа цэцэгстэй

Битүү хөх мододтой, хөвөн намирах өвсөстэй

Билгүүн төгөлдөр цэцгэн агаартай

Билүү голын ширүүн харгиат урсгалтай

Билүүгийн хөх өвөлжөө намартаа манантай, хавартаа будантай

Бугын урамдалттай, булгын урсгалтай

Буурин дээрээ эргэж ирэх шиг тамгатай

Бууцан суудалдаа нутгийн захиастай

Буурал өвгөдийн минь хөх өвөлжөө

Өдөртөө сургаальтай шөнөдөө залбиралтай

Өвгөн аавын минь халиун азарганы хатираатай

Далиу улаан үхэрийн мөөрөлттэй

Давилуухан ахын шимийн архины сэнгэнээтэй

Даалуу тойруулж, муушиг эргүүлэх шиг үдэштэй

Айлын хүүхдүүдтэй айл гэрдэж аав ээж болох шиг эхлэлтэй

Аргаль түүж, мод хөрөөдөж, зэрлэг зулгаах мэт ажилтай

Гурван толгойн дэнжээр хурдны морь болон тоглож

Голын урсгал дагуулж цахилдаг уралдуулан

Эрэг шахаж адуу цаламдах шиг эргүүлэгтэй

Тугал унаж, туурга дэвсээд бөх барилдах шиг бяртай

Урсгал боож, усанд шумбах шиг өдрүүдтэй

Шуудуй татаж ногоо услахтай зэрэгцэн

Төмс болгож, лууван зорж идэх шиг тансаглалтай

Билүүгийн хөх өвөлжөө

“Тавин гурав”-ын гүүзүүн дээр

Салхи зүсэн зогсоход ногооны үнэр сэн хийх шиг сайхантай

Тавилан заяандаа хөтлөглөн

Танай гэрийн зүг цахилдаг дундуур яаран гүйх шиг догдлолтой

Нарны цацрагаас жаргал туяарсан өдрүүдтэй

Насны балчир цагийн баясал бялхсан мөчүүдтэй

Хүүхэд насны дурсамжтай өдрүүд

Билүүгийн голын харгиа шиг тунгалаг

Уу амын эхэн шиг дөлгөөхөн

Цэцэг цэцэгээ налж таана агь анхилсан

Сайран хөлтэй хүүхэд нас минь ариухан

Билүүгийн хөх өвөлжөө

Гурван толгойн сайранд бий

Гурвалжин чулуутай тулганы дөлөнд бий

Гурав гурван үеийн удамд минь бий

Гурвалсан цагийн мөнхийн үргэлжлэлд бий

Билүүгийн хөх өвөлжөө

Өвсний цаанаас хонин сүрэг идээшлэх шиг зунтай

Урсгал дундуур хэрэн туучих шиг хавартай

Маань хөгжөөж буй лам шиг тайван өвөлтэй

Хөгшин аавын минь үрсээ эрхлүүлэх шиг хавартай

Билүүгийн хөх өвөлжөө

Хэнд мэдэгдэх гэж билүүгийн харгиа урсгалаа таслан вэ?

Хэнийг шийтгэх гэж хэнхэгүүд моддоо сүйтгэнэ вэ?

Хэрээстэй сэтгэлээ орхих гэж хангайн буга ганцаардаа юу?

Хэзээ мөдгүй өнгөрсөн цаг дээр “билүүгийн гол” байсан гэлцвэл яах вэ?

Билүүгийн хөх урсгал

Өөрийгөө хамгаалаад газар доогуур урсгалаа тараажээ

Битүү сэтгэлтэй хүмүүс буснуйлан гэж санахдаа моддоо зулгаалгажээ

Өөрөөсөө харамлаж үрсээ тэтгэх ижий шиг

Балга балгаар ундаргаа алджээ.

Билүүгийн хөх өвөлжөө

Тэнд өвгөд минь цаг мөнхөд бууриа сэлгэж амьдарсан

Мэнд суусаар замбуулинд уусан ууссан

Хэнд мэдүүлэх гэж билүүгийн тухай ярив? Би

Бид нар буруутай гэдгийг өвгөд минь тэнгэрээс болгоосугай

Билүүгийн хөх өвөлжөө өвөлдөө нартай, зундаа цэцэгстэй

Битүү хөх мододтой, хөвөн намирах өвсөстэй

Билгүүн төгөлдөр цэцгэн агаартай

Билүүгийн голын ширүүн харгиат урсгалтай

2016-2017 он

Follow Us
  • Facebook Basic Square

Хаяг. 

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж – 7

  Утас:  9985-9958; 321950          

 И-мэйл: business@ider.edu.mn

© 2020 by Ider University